ХЭРЭГЛЭГЧИЙН ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА /Шим брэндийн жишээн дээр/

Authors

  • О.Бурмаа Mandakh University
  • А.Дөлгөөн Mandakh University

DOI:

https://doi.org/10.67207/mrj.2026.15.05

Keywords:

органик бүтээгдэхүүн, ногоон маркетинг, хэрэглэгчийн хандлага, худалдан авах шийдвэр, кластер шинжилгээ, “Шим” брэнд

Abstract

Хэрэглэгчийн зах зээл дээрх органик бүтээгдэхүүний маркетингийн өсөлт нь хэрэглэгчийн мэдлэг, эрүүл мэндийн асуудал хүрээлэн буй орчны ухамсар зэрэг гадаад болон дотоод олон хүчин зүйлс, өдөр тутмын хэрэглээнээс хамааран ихээхэн өссөөр байна. Энэ нь эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй шим тэжээл, ашиг тус өндөртэй биологийн олон янз байдлыг хангах хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжихэд нөлөөлж байгаа. Үүний хүрээнд судалгааны ажлын зорилго нь хэрэглэгчийн органик бүтээгдэхүүн худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, монгол улсын дотоодын ахуйн болон арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Шим” брэндийн жишээн дээр маркетингийн оновчтой санал зөвлөмж боловсруулахад оршино.  

Өгөгдлийн хүрээнд “Шим” брэндийн албан ёсны зөвшөөрөлтэй тухайн брэндийг сонгон хэрэглэдэг нийт 410 хэрэглэгчийг хамруулан цаасан болон онлайн хэлбэрээр судалгааг авсан. Тухайн судалгаа нь үндсэн 33 асуулт ерөнхий 10 асуултаас бүрдсэн. Мэдээлэл цуглуулалтыг 2025 оны 3-р сарын 16-наас 04-р сарын 03 хооронд 20 хоногийн хугацаанд цуглуулсан. Судалгааны түүврийг цуглуулж, SPSS 22 болон Smart-PLS 4 программ ашиглан нийт судалгааны түүврээс 5 алдаатай түүврийг шинжлэн хасаж үлдсэн 405 хэрэглэгчийн түүвэр дээр фактор, корреляци, регресс, кластер болон Chi-square шинжилгээ хийж загварын дагуу нийт H1, H2, H3, H4, H5 гэсэн 5 таамаглал дэвшүүлсэн.  

Судалгааны үр дүнд  хүрээлэн буй орчны ухамсар, ногоон зар сурталчилгаа  ногоон шошго, нийгмийн нөлөөлөл зэрэг хувьсагчид нь ногоон бүтээгдэхүүнд хандах хандлага гэсэн зуучлагч хувьсагчийн нөлөөгөөр хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлж байгааг харуулсан. Иймд хэрэглэгчийн хандлагыг сайжруулах нь органик бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болох нь тодорхойлогдож байна. Судалгааны үр дүнд үндэслэн ногоон бүтээгдэхүүний маркетингийн стратегид хэрэглэгчийн хандлага, мэдээлэл, нийгмийн нөлөөллийг оновчтой ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Downloads

Published

2026-07-01 — Updated on 2026-10-09

Versions